6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх
6.1.Хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд хүүхэд дараахь эрх эдэлнэ:
6.1.1.хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших;
6.1.2.хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших;
6.1.3.хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах;
6.1.4.хүүхэд шашин шүтэх, эс шүтэх;
6.1.5.хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах;
6.1.6.хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх.
6.1.7.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдах. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ.
6.3.Хүүхдийг гэр бүлийн орчинд бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд жигд хөгжүүлэх үүргийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүлээнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.4.Эрүүл мэнд, спорт, боловсрол, соёл урлаг болон нийгмийн бусад үйлчилгээ нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн байна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.5.Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх байгууллага үйлчилгээний бодлого, хөтөлбөртэй байх бөгөөд эрх бүхий этгээдээс баталсан хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.6.Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./