5 дугаар зүйл. Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх
5.1.Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй бөгөөд хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр зохицуулна.
5.2.Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.
5.3.Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.
5.4.Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.
5.5.Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга болон түр оршин суух, эх орондоо амьдрах эрхтэй.