11 дугаар зүйл. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх

11.1.Мэдээллээр үйлчилдэг хуулийн этгээд нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах, техник, технологийн хэрэгсэл, бусадтай харьцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

11.2.Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрх, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

11.2.1.төрийн байгууллагын цахим хуудас хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээллийг чөлөөтэй авах боломжийг бий болгох;

11.2.2.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан компьютерын дэлгэц дээрх бичгэн мэдээллийг дуу авиа руу хөрвүүлэн хувиргах дэлгэц уншигч, программ хангамж болон шинэ технологи, систем, тусгай хэрэглээний тоног төхөөрөмжийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, тэдгээрийг эх хэл дээрээ ашиглах боломжийг бий болгох;

11.2.3.ном, сурах бичиг, сонин сэтгүүл, төрийн байгууллагын шийдвэр, албан бичиг, барааны шошго зэрэг бүх төрлийн хэвлэмэл материалыг хүртээмжтэй ашиглахад зориулсан бар кодтой хэвлэх;

11.2.4.цахим хуудас болон телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;

11.2.5.төрийн болон нийтийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, бичигч, уншигч, хөтөчийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;

11.2.6.хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүргэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус радио, телевизийг төрөөс дэмжих.

11.3.Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.2.1, 11.2.2, 11.2.3, 11.2.4-т заасан арга хэмжээний хэрэгжилтийг холбогдох байгууллагатай хамтран хангаж, шаардагдах зардлыг улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.4.Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессэж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.