37 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох

37.1.Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараахь шалгуураар тогтооно:

37.1.1.эрхтэн тогтолцооны бүтцийн алдагдал, ангилал, хугацаа;

37.1.2.биеийн үйлдэл, үйл ажиллагааны олон улсын ангилал.

37.2.Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараахь комисс /цаашид "Комисс" гэх/ тогтооно:

37.2.1.0-18 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.2.2.18 ба түүнээс дээш насны хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эрүүл мэндийн магадлалын зөвлөл; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.2.3.хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн магадлалын зөвлөл. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.3.Энэ хуулийн 37.2.1-д заасан комисс хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд, 37.2.2-т заасан зөвлөл нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд тус тус ажиллана. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.4.Энэ хуулийн 37.2.1-д заасан комисс нь орон тооны бус салбар комисстой байна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.5.Энэ хуулийн 37.2.1, 37.2.2-т заасан комисс, зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.6.Энэ хуулийн 37.2.1-д заасан хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох, хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулах аргачлалыг эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

37.7.Энэ хуулийн 37.2.2-т заасан хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

37.8.Комисс өөрийн эрх хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтэн тогтолцооны бүтцийн алдагдал, хугацаа, ангилалыг тогтоож, дүгнэлт гаргана.

37.9.Энэ хуулийн 37.2.2-т заасан зөвлөлөөс гаргасан дүгнэлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хамт олонд түшиглэн хөгжүүлэх үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт бичиг болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.