11 дугаар зүйл. Барьцааны гэрээний агуулга
11.1.Барьцааны гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.1.барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журам;
11.1.2.барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл;
11.1.3.барьцааны зүйлийн байршил, тухайн зүйл нь барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох баримт, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн байгууллагын нэр, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар;
11.1.4.барьцааны зүйлийг өөр этгээдэд барьцаалуулсан эсэх тухай лавлагаа;
11.1.5.барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам;
11.1.6.барьцааны шаардлагыг хангах журам;
11.1.7.барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэх эсэх тухай заалт;
11.1.8.барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх бол тухайн эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацаа;
11.1.9.барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх;
11.1.10.бусад.
11.2.Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно.
11.3.Энэ хуулийн 11.2-т заасан гэрээнд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах аргын талаар нарийвчлан заана.