15 дугаар зүйл. Барьцаалбарын агуулга
15.1. Барьцаалбарт дараахь зүйлийг тусгана:
15.1.1. "Барьцаалбар" гэсэн гарчиг ;
15.1.2.барьцаалуулагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.3.анхны барьцаалагчийн оноосон нэр, оршин байгаа газар;
15.1.4.барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгчийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газар;
15.1.5.барьцааны эрх үүссэн үндэслэл, он, сар, өдөр, газар;
15.1.6.барьцаагаар хангагдах үүргийн болон хүүгийн хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох арга;
15.1.7.барьцаагаар хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж болох эсэх тухай заалт;
15.1.8.барьцааны зүйлийн нэр, түүний шинж байдлын тодорхойлолт, байршил, эрхийн улсын бүртгэлийн дугаар;
15.1.9. үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх барьцаалсан бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаархи энэ хуулийн 15.1.8-д заасан мэдээлэл, уг эрхийн хүчинтэй байх хугацаа;
15.1.10.барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх байгаа эсэх тухай заалт;
15.1.11.барьцаалбарыг түүний хууль ёсны эзэмшигч бусдад шилжүүлэхийг барьцаалуулагч зөвшөөрсөн тухай заалт;
15.1.12.барьцааны зүйлээс шаардлагыг хангах журам;
15.1.13.барьцаалбар үйлдсэн он, сар, өдөр;
15.1.14.барьцаалуулагчийн, хэрэв барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол барьцаалуулагч болон барьцаагаар хангагдсан үүргийн үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг.
15.2.Энэ хуулийн 15.1-д заасан мэдээллийн аль нэгийг тусгаагүй барьцаалбар хүчин төгөлдөр бус байна.
15.3.Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад мэдээллийг талууд харилцан тохиролцож барьцаалбарт тусгаж болно.