25 дугаар зүйл. Барьцааны зүйлийг зохих ёсоор хамгаалаагүйгээс барьцаалагчид үүсэх эрх
25.1.Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг зориулалтын бусаар ашигласан, энэ хуулийн 20.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйл, Иргэний хуулийн 170.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд барьцаалагч тухайн үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэхийг түүнээс бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
25.2.Барьцаалуулагч энэ хуулийн 25.1-д заасан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол барьцаалагч барьцаагаар хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
25.3.Барьцаалуулагч энэ хуулийн 25.2-т заасан шаардлагыг гэрээнд заасан хугацаанд, хэрэв гэрээнд тусгайлсан хугацаа заагаагүй бол нэг сарын хугацаанд хангахаас татгалзсан буюу хангаагүй бол барьцаалагч нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.