31 дугаар зүйл. Барьцааны зүйлийг төрийн болон орон нутгийн өмчлөлд албадан шилжүүлснээс үүсэх үр дагавар
31.1.Барьцааны зүйлийг хуульд заасан үндэслэл, журмаар улсын болон орон нутгийн хэрэгцээнд дайчлан авсан, эсхүл нийгэмчилсний улмаас барьцаалуулагчийн өмчлөх эрх дуусгавар болсон бол төр, түүний эрх бүхий байгууллага нөхөх олговор, үнийг төлөх бөгөөд ийнхүү олгосон нөхөх олговор болон үнээр барьцаалагч өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй.
31.2.Энэ хуулийн 31.1-д заасан арга хэмжээ эрхийг нь хамгаалж чадаагүй гэж үзвэл барьцаалагч нь барьцаагаар хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
31.3.Барьцаалуулагч гэмт хэрэг, хууль зөрчсөн бусад үйлдлийн улмаас барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрээр хураасан бол уг барьцаа хүчин төгөлдөр хэвээр үлдэх бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэнэ.
31.4.Энэ хуулийн 31.3-т заасан журмыг хэрэглэж эрх, ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэж үзвэл барьцаалагч нь барьцаагаар хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэхийг барьцаалуулагчаас шаардах, эсхүл хураалгасан эд хөрөнгөөс шаардлагаа хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.