6 дугаар зүйл. Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах

6.1.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Монополын эсрэг газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ: /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.1.зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах;

6.1.2.бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох.

6.2.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6.3.Хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгож, тарифын зохицуулалт хийгддэг, зохицуулах байгууллагатай салбарт энэ хуулийн 6.1.1, 6.1.2 дахь заалт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.4.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд Монополын эсрэг газарт өргөдөл гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Монополын эсрэг газар өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, нэмэлт мэдээ, мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах шаардлагатай гэж үзвэл энэ талаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.6.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч нэмэлт мэдээ, мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.7.Монополын эсрэг газар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн өргөдөл, энэ хуулийн 6.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан гэж үзвэл бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн өөрчлөлтийг 30 хоногийн дотор хянан зөвшөөрөл олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.