7 дугаар зүйл. Давамгай байдлаа хууль бусаар ашиглах

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Давамгай байдлаа хууль бусаар ашиглах

7.1.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

7.1.1.зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах;

7.1.2.бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох;

7.1.3.аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй;

7.1.4.бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах;

7.1.5.эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох;

7.1.6.тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх;

7.1.7.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;

7.1.8.тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах;

7.1.9.аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах;

7.1.10.өрсөлдөгчөө өөртөө нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг шаардах;

7.1.11.тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих;

7.1.12.бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах.

7.2.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.