8 дугаар зүйл. Давамгай байдалтай хуулийн этгээд нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, бусад компанийн хувьцааг худалдан авах

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-07-10

8.1.Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-оос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх тохиолдолд Монополын эсрэг газарт өргөдөл гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.Монополын эсрэг газар өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж дүгнэлт гаргана. Энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл гаргуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.3.Монополын эсрэг газар өргөдлийг хянаж өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзвэл татгалзсан дүгнэлтийг гаргана. Дүгнэлт гаргах журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.4.Монополын эсрэг газрын татгалзсан дүгнэлт хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх үндэслэл болно. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.5.Улсын эдийн засагт ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх нь нотлогдсон тохиолдолд энэ хуулийн 8.3-т заасныг хамааруулахгүй байж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.