3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."батлан хамгаалах" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улсын бэлэн байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, мэдээллийн болон цэргийн нэгдмэл арга хэмжээг;
3.1.2."батлан хамгаалах чадавх" гэж улсын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, боловсрол, төрийн цэргийн байгуулал, мэдээллийн болон улс төр-дипломатын чадавхын нэгдлийг;
3.1.3."батлан хамгаалах тогтолцоо" гэж батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын цогцыг;
3.1.4."батлан хамгаалах бодлого" гэж улсыг батлан хамгаалах талаар төрөөс тодорхойлох зорилго, зорилтыг;
3.1.5."батлан хамгаалах эрх ашиг" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал хангагдсан байхыг;
3.1.6."орон нутгийн хамгаалалт" гэж Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.7."төрийн цэргийн байгуулал" гэж төрийн цэргийн байгууллагуудын тогтолцоог;
3.1.8."цэргийн байгууллага" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийн байгууллагыг;
3.1.9."батлан хамгаалах материаллаг нөөц" гэж цэргийн материал хэрэгслийн хэрэгцээг тайван цагт болон дайны байдлын үед хангах зориулалт бүхий нөөцийг.