9 дугаар зүйл. Монгол Улсын төрийн цэргийн байгууллын удирдлага
9.1.Монгол Улсын төрийн цэргийн байгууллын удирдлага нь улс төрийн дээд, төрийн захиргааны, цэргийн мэргэжлийн дээд удирдлагаас бүрдэх бөгөөд эдгээр удирдлагыг дараахь байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлнэ:
9.1.1.төрийн цэргийн байгууллын улс төрийн дээд удирдлагыг Монгол Улсын Их Хурал;
9.1.2.төрийн цэргийн байгууллын төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах, хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.3.төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штаб.
9.2.Цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилт болон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага хоорондын нэгдсэн ажиллагааг төлөвлөх, бэлэн байдлыг хангах хамтарсан сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, цэргийн байгууллагын зэвсэглэл, техникийн харилцан уялдааг хангах, холбоо мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн удирдлагын цогц үйл ажиллагааг ойлгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.3.Төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хилийн ба дотоодын цэргийн командлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, онцгой байдлын байгууллагын дарга болон төрлийн цэргийн командлагч хамтран хэрэгжүүлэх бөгөөд түүний уялдаа холбоог хангах ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хариуцна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН БҮРЭН ЭРХ