11 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

11.1.Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.төрийн цэргийн номлолыг батлах;

11.1.2.зэвсэгт хүчнийг хэрэглэх ерөнхий болон стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөөг батлах;

11.1.3.зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвчийг батлах;

11.1.4.Бүх Цэргийн Их Хар Сүлд, зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрмийг батлах;

11.1.5.Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг батлах;

11.1.6.дээд офицерын албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг тогтоох;

11.1.7.цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах;

11.1.8.цэргийн анги, байгууллагыг цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцуулах журмыг тогтоох;

11.1.9.улсад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацаат цэргийн алба хаах хугацааг гурван сараас дээш хугацаагаар сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

11.1.10.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох;

11.1.11.зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг батлах, цэргийг байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах;

11.1.12.улсын хил, онц чухал объектын хамгаалалтад зэвсэгт хүчнээр дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах;

11.1.13.цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журмыг тогтоох;

11.1.14.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх;

11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.