15 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрх

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрх

15.1.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга цэргийн удирдлагын дээд байгууллагыг тэргүүлнэ.

15.2.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагад ажиллана.

15.3.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчид цэргийн бодлогын асуудлаар зөвлөх үүрэг хүлээнэ.

15.4.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.4.1.цэргийн мэргэжлийн дээд удирдлагын уялдаа холбоог хангах;

15.4.2.батлан хамгаалах төрийн бодлогыг боловсруулахад оролцож, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.4.3.төрийн цэргийн номлол, стратегийн төлөвлөлтийн баримт бичгийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх;

15.4.4.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх журам тогтоож, биелэлтийг хянах;

15.4.5.цэргийн удирдлагын дээд байгууллагын албан тушаалтан, нэгтгэл, ангийн захирагчийг төрлийн цэргийн командлагчийн санал болгосноор томилж, чөлөөлөх;

15.4.6.цэргийн бэлтгэл албаны офицер, ахлагчийг цэргийн жинхэнэ албанд татах;

15.4.7.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх;

15.4.8.цэргийн байгууллагуудын харилцан ажиллах журам тогтоох, нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөг батлах;

15.4.9.төсөв, хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;

15.4.10.зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийх;

15.4.11.төрлийн цэрэг, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын бэлгэ тэмдгийн загвар, тугийн тодорхойлолтыг батлах;

15.4.12.төрлийн цэргийн командлалын дүрмийг баталж, харилцан ажиллагааны журмыг тогтоох;

15.4.13.цэргийн албыг зохион байгуулах зааврыг батлах;

15.4.14.цэргийн алба хаагчийн албан тушаалын шалгуур үзүүлэлт болон цэргийн мэргэжлийн зэргийн үндсэн шалгуур үзүүлэлтийг тогтоох;

15.4.15.цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийг батлах;

15.4.16.цэргийн албаа үлгэр жишээчээр хааж, цэргийн зохих мэргэжил эзэмшсэн хугацаат цэргийн алба хаагчийг цэргийн албаны хугацаа дуусахаас гурав хүртэл сарын өмнө халах;

15.4.17.төрийн ёслолын цэргийн арга хэмжээг зохион байгуулах;

15.4.18.байлдааны дүрэм, зааврыг батлах.

15.5.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нь төрийн тусгай албан хаагч байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.