14 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын үүрэг

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын үүрэг

14.1.Зэвсэгт хүчний Жанжин штаб төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага мөн.

14.2.Зэвсэгт хүчний Жанжин штаб дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.2.1.зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах;

14.2.2.батлан хамгаалах бодлого боловсруулахад оролцож, зэвсэгт хүчинд хамаарах асуудлыг хэрэгжүүлэх;

14.2.3.төрийн цэргийн номлолыг боловсруулах;

14.2.4.зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.5.зэвсэгт хүчнийг хэрэглэх, стратегийн дэлгэн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.6.зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;

14.2.7.цэргийн дайчилгааны даалгаврыг боловсруулж, биелэлтийг нь хангах арга хэмжээг зохион байгуулах;

14.2.8.зэвсэгт хүчний бэлэн байдал, байлдах чадварыг хангах, байлдааны жижүүрлэлтийн горимыг тогтоох;

14.2.9.зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

14.2.10.олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төрийн ба цэрэг-стратегийн байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Улсын Их Хурал, Засгийн газрыг мэдээллээр хангах;

14.2.11.цэргийн мэдээлэл, дүн шинжилгээ, орон зайн тандалт судалгаа явуулах;

14.2.12.цэргийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, цэргийн урлагийг хөгжүүлэх;

14.2.13.цэргийн удирдлага, мэдээллийн хэрэгслийн шинэчлэлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.14.цэргийн боловсрол, сургалт бэлтгэлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих;

14.2.15.төрлийн цэргийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бэхжүүлэх;

14.2.16.зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, бие бүрэлдэхүүнээр нөхөн хангах;

14.2.17.цэрэг татах, халах ажлыг зохион байгуулах;

14.2.18.зэвсэгт хүчнийг зэвсэглэл, цэргийн техник, бусад материал хэрэгслээр хангах асуудлаар санал боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэх;

14.2.19.цэргийн нөөцийг бүрдүүлэх, сольж шинэчлэх ажлыг зохион байгуулах;

14.2.20.зэвсэгт хүчний хэмжээнд төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах;

14.2.21.орон нутгийн хамгаалалтын арга хэмжээнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

14.2.22.хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хүн ам, эд баялгийг аврах, хор уршгийг арилгах бэлтгэлийг хангах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах.

14.2.23.Улсын нисэхийн тухай хуулийн 6.2.3-т заасан зөвшөөрөл олгох. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.Зэвсэгт хүчний Жанжин штабын бусад эрх, үүрэг, төрийн цэргийн байгууллага, төрлийн цэргийн командлалтай харилцах хэм хэмжээг Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмээр зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.