13 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
13.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;
13.1.2.Монгол Улсын зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх баримт бичгийг батлах;
13.1.3.Зэвсэгт хүчний Жанжин штабын тайван цагийн бүтэц, орон тоо, цалингийн сангийн хэмжээг тогтоох;
13.1.4.зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэн сайжруулах саналыг Засгийн газарт өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх;
13.1.5.зэвсэгт хүчний батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих, ангилал хооронд зохицуулалт хийх;
13.1.6.зэвсэгт хүчнийг зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслээр нөхөн хангах ажлыг зохион байгуулах;
13.1.7.зэвсэгт хүчинд шинээр нэвтэрч байгаа зэвсэглэл, цэргийн техникийг хүлээн авах журмыг тогтоох;
13.1.8.цэргийн нөөцийн хэмжээ, цувраажилтыг батлах;
13.1.9.улсын нөөцөд байх зэвсэгт хүчний хэрэгцээт материал хэрэгслийн төрөл, тоо, хэмжээ, байршлын талаар Засгийн газарт санал оруулах;
13.1.10.хугацаат цэргийн алба хаах иргэний тоо, цэрэг татлага явуулах ээлж, хугацааг тогтоох саналыг Засгийн газарт оруулах;
13.1.11.цэргийн нийтлэг дүрмийг батлуулахаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх;
13.1.12.зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх;
13.1.13.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
13.2.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.