12 дугаар зүйл. Хугацаат цэргийн албанд татах
12.1.Цэргийн жинхэнэ албанд тухайн жилд татах иргэний тоо, татлага явуулах ээлж, хугацааг Засгийн газар батална.
12.2.Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна.
12.3.Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлнэ.
12.4.Хугацаат цэргийн албанд татагдах иргэний цэрэг татлагын байранд ирсэн байх өдөр, цагийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар батална.
12.5.3арлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.
12.6.Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэтийн аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадалгаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.
12.7.Хугацаат цэрэг татлагын үед байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэй.
12.8.Байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан ажилтнаа ажлаас чөлөөлөн тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд, эсхүл товлосон газар ирүүлэх үүрэг хүлээнэ.
12.9.Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэний аймаг, нийслэлийн цэрэг татлагын байранд хүргэхэд шаардагдах тээврийн, хүнсний ба байрны зардлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, цэргийн албанд тэнцсэн иргэнийг цэрэг татлагын байран дээр түр байрлуулах, хооллох, цэрэг татлагын байрнаас цэргийн анги хүргэх зардлыг хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлал тус тус хариуцна.
12.10.Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнийг цэргийн жинхэнэ албанд татах ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.
12.11.Цэрэг татлага явуулах тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн өдрөөс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах өдөр хүртэл цэргийн албанд татагдах насны иргэн тухайн нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчихыг хориглоно.