31 дугаар зүйл. Дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах

31.1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална.

31.2.Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах, төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг цэргийн штабын саналыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг дарга гаргана.

31.3.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэнийг цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.

31.4.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан, дараахь шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй иргэнээр уг төлбөрийг нөхөн төлүүлнэ:

31.4.1.гадаадад хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн;

31.4.2.иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан.

31.5.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас дараахь үндэслэлээр чөлөөлнө:

31.5.1.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас жил дараалан чөлөөлөгдөж хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн эрэгтэй;

31.5.2.эрүүл мэндээр тэнцэхгүйн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ алба хаахаас чөлөөлөгдсөн иргэн;

31.5.3.цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан иргэн.

31.6.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна.

31.7.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журмыг Засгийн газар батална.

31.8.Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна.

ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ АЛБА ТҮҮНИЙ СУРГАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.