12 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
12.1.Засгийн газар ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.мод, ойн дагалт баялгийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
12.1.2.ойн болон ой, хээрийг түймрээс хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
12.1.3.ойн үндэсний хөтөлбөрийг батлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.1.4.ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ойн нөөц бүхий газар нутгийн ашиглалтын бүсийн ойд замын хайгуул хийж, зураг, төсөв боловсруулах, ойн төв зам барьж байгуулах арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;
12.1.5.ойн нөөц, төлөв байдал, ашиглалтын эрчимжилтээс хамааруулан ойн ангийн хариуцах талбайн, норматив, байршлыг батлах;
12.1.6.ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам болон холбогдох бусад журам, түүнчлэн түймэртэй тэмцэхэд шаардагдах техник хэрэгслийн нормативыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний онцлогтой уялдуулан баталж мөрдүүлэх;
12.1.7.ой, хээрийн түймрийн аюултай үед хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах журмыг батлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.1.8.ой, хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдийн хангамж, тэдний эзэмшсэн байх арга техник, зайлшгүй байх багаж, техник хэрэгслийн жагсаалтыг батлах;
12.1.9.ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, экологийн тэнцлийг хангах зорилгоор газар, ой, ургамал, амьтны баялгийг ашиглах хэмжээг хязгаарлах, зогсоох;
12.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
12.2.Засгийн газар нь ойгоос мод бэлтгэх, ойн зам барих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тарьц, суулгац үржүүлэх асуудлыг хариуцах чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд байгуулж болно.