13 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

13.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.1.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой хээрийг түймрээс хамгаалах, байгаль орчны тэнцлийг хангах талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13.1.2.хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд ойг хамгаалах талаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх дүрэм, журам, бусад шийдвэрийг баталж, биелэлтийг хангуулах;

13.1.3.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын зохицуулалт хийх, эрх бүхий байгууллагаар стандарт батлуулах, холбогдох эрх зүйн актыг дангаараа буюу төрийн захиргааны холбогдох байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах;

13.1.4.таримал ой, мод үржүүлгийн газар, модлог ургамлын үрийн бодлого боловсруулж баталж, биелэлтийг хангуулах, жил бүр ашиглах ойн нөөцийн дээд хэмжээг модны төрлөөр хууль тогтоомжийн дагуу тогтоох; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.1.5.экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт мод, ойн дагалт баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

13.1.6.улсын ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.7.энэ хуулийн 12.1.3-т заасан хөтөлбөрийн дагуу төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;

13.1.8.ойн нөөцийн төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, нөөцийн өөрчлөлт, ашиглалт, хамгаалалтын байдлыг хянах;

13.1.9.улсын ойн мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.10.ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.11.энэ хуулийн 7.4.1-д заасны дагуу улсын төсвөөс гаргах зардлын хөрөнгийг төлөвлөх, хуваарилах; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.12.ойн нөөцийг хамгаалах дотоод хяналтыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.13.ойн экологи, эдийн засгийн үнэлгээг батлах; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13.1.14.ой, хээрийн түймэр гарах өндөр магадлалтай үед хариуцсан нутаг дэвсгэртээ хамгаалалтын дэглэмд заасан зарим үйл ажиллагааг хориглох эрхийг улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд олгох;

13.1.15.хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.16.цаг агаарын болон ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээллээр холбогдох байгууллага, хүн амыг хангах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.17.ой, хээрийг түймэр, хөнөөлт шавжийн тархалт, ойн нөөцийн хомсдол, газрын доройтол, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн ашиглалттай холбоотой гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.18.аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.19.мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, говь, хээрийг ойжуулах, ойн зурвас байгуулах, төв, суурин газрыг цэцэрлэгжүүлэх ажлыг төв, орон нутгийн түвшинд зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.20.мод, сөөгийн үрийн нөөцийн сан бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, тарьц, суулгац ургуулах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.21.орон нутаг дахь ойн анги, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.22.ойн ангийн ажиллах журам, дүрмийг батлах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.23.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийг тайлагнах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.24.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар технологи, норм, нормативын үндэслэл боловсруулах, батлах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.25.ойн нөөцийн өөрчлөлтөд хяналт, шинжилгээ хийх, ойн мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах болон аж ахуйн нэгж, байгууллага мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.26.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх ажилд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.27.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, ойн ангийн эрхлэх ажил, үйлчилгээний чиглэл, ойн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар, журам батлах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.28.хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, түймрийн шороон болон халз зурвас гаргах зэрэг ой, хээрийн түймрээс хамгаалах ойн аж ахуйн арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөж, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах замаар хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.29.ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймэр унтраах арга, ажиллагаанд сургах ажлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.30.ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлэх, орон нутагт эргүүл, харуул ажиллуулах болон энэ ажилд бүх нийтийг татан оролцуулах талаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.31.ой, хээрийн түймрийн аюултай үед тухайн бүс нутгийн түймрийн аюулын анги, зэрэглэлийг үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг зогсоох тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.32.нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ой, хээрийн түймрээс хамгаалах талаар зохион байгуулж байгаа ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хамтран оролцох; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.33.ой, хээрийн түймрийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай зарлан мэдээлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.34.өөрийн байгууллагын бүтцэд ойн судалгаа, хяналт шинжилгээний алба ажиллуулах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.35.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.