14 дугаар зүйл. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/, аймаг, нийслэлийн байгаль орчны газрын бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг, суманд сум дундын болон сумын ойн анги /цаашид "ойн анги" гэх/ ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.2./ Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.3.Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.1.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, зохистой ашиглах, агро-ойн аж ахуйн талаарх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, ойн аж ахуйн арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.2.улсын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.3.улсын ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж, санхүүжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.4.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, ашиглах зориулалтаар батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах, энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.5.ойн аж ахуйн арга хэмжээний заавар, аргачлалыг батлах, холбогдох стандарт, журмыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.6.ойн мэргэжлийн боловсон хүчний давтан болон ойн мэргэшлийн зэрэг олгох сургалтыг энэ хуулийн 41.2.2-т заасныг үндэслэн холбогдох их, дээд сургуультай хамтран зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.7.ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх шинэ техник, технологийг судлах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүн, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.8.таримал ой ургуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангах, талуудын уялдаа холбоог зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.9.агро-ойн аж ахуйн арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.10.ойн аж ахуйн арга хэмжээний зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, баталгаажуулах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.11.ойн үрийн улсын нөөцийн сан байгуулах, баяжуулах, үйл ажиллагааг эрхлэх, үржлийн материал бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.12.үржлийн материалын гарал үүслийн болон чанарын гэрчилгээний загвар боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.13.ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлэх, эргүүл, харуул ажиллуулах, бүх нийтийг татан оролцуулах талаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, түймрийн аюулын анги, зэрэглэлийг үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тодорхой үйл ажиллагааг зогсоох, хязгаарлах тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж, шийдвэрлүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.14.ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймэр унтраах арга ажиллагаанд сургах ажлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.15.хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.16.ашиглалтын болон хамгаалалтын бүсийн ойн менежментийг сайжруулах, ойн нөөцийг иж бүрэн, хаягдалгүй ашиглахтай холбоотой ойн техник, технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.17.ойн экологи, эдийн засгийн үнэлгээг боловсруулах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.18.энэ хуулийн 7.2-т заасны дагуу ойн тооллого, ой зохион байгуулалт хийх, ойн мониторингийн системийг хөгжүүлэх, ойн сангийн өөрчлөлтөд хяналт, шинжилгээ хийх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.19.ойн мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, бүрдүүлэх, баяжуулах, мэдээллээр хангах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.20.таримал ойг улсын ойн санд хүлээн авах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.21.ойн ангийн үлгэрчилсэн дүрмийг батлах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.22.ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.23.ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.24.мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад газар эзэмшүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөнгөн урамшуулал олгох, тэдгээрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж шийдвэрлэх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.25.ойн нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх ажилд дотоод хяналтыг зохион байгуулах. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.