17 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх
17.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө, шаардагдах төсвийг баталж, биелэлтэд хяналт тавих;
17.1.2.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт, ойн сангийн төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг сонсох;
17.1.3.Засаг даргын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох, биелэлтэд нь хяналт тавих;
17.1.4.төрийн захиргааны төв байгууллагын баталсан дээд хязгаарт багтаан тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний мод, түлээний хэмжээг сумдаар хуваарилан батлах;
17.1.5.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах төсвийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
17.1.6.ойн талбайн хэмжээний нормативыг харгалзан нутаг дэвсгэртээ байх ойн ангийн жагсаалт, тухайн жилийн төсвийг батлах.
17.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1.ойн тухай хууль тогтоомж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
17.2.2.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, биелэлтийг хангах;
17.2.3.ойн сангийн мэдээ, тайланг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байх;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.2.4.тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.2.5.ой, хээрийн түймрээс учирсан хохирлын хэмжээг тогтоолгож, байгаль орчныг нөхөн сэргээх талаар улсын захиалга өгч, судалгаа-шинжилгээний ажил гүйцэтгүүлэх, үр дүнг тооцож, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
17.2.6.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох;
17.2.7.ойн хөнөөлт шавж, өвчин, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс шаардагдах хөрөнгийг батлуулах, хэрэгжүүлэх;
17.2.8.аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.2.9.ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавих;
17.2.10.ой бүхий сум, дүүргийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
17.2.11.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14.1.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, багаж хэрэгсэл, хүнс болон бусад зүйлийн байнгын нөөцийг Засгийн газраас тогтоосон нормативын дагуу бий болгон шинэчлэн сэлгэж байх;
17.2.12.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14.1.4-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
17.2.13.ой, хээрийн түймэр гарсан үед бүрэн эрхийнхээ хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан тухайн түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;
17.2.14.иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, унтраах, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах арга, ажиллагаанд сургаж дадлагажуулах ажлын төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх;
17.2.15.улсын хилийн дагуух ой, хээрийн түймрээс хамгаалах ойн зурвасыг бий болгох, тэдгээрийг байнга сэргээх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр, хилийн бүсэд ойн арчилгаа болон цэвэрлэгээний ажлыг орон нутгийн хөрөнгөөр зохион байгуулах;
17.2.16.ой, хээрийн түймэр унтраахад дайчлах гамшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн ангиудыг томилон, бэлэн байдлыг хангуулах, ой, хээрийн түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулж удирдлагаар хангаж ажиллах;
17.2.17.ой, хээрт гарсан түймрийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хүн хүч, техник хэрэгслээр газар авахуулахгүй унтраасан бол ой, хээрийн түймэр унтраахад гарсан зардлыг орон нутгийн төсвөөс олгох бөгөөд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
17.2.18.ой, хээрийн түймрийн аюултай үед ойд мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, ойд аялал, зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авах;
17.2.19.ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг бууруулах, арилгах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;
17.2.20.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар сум, орон нутгийн түвшинд зохиож байгаа ажилд хяналт тавих;
17.2.21.ой, хээрийн түймрийн голомтод ажиллах иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг шаардагдах тоног төхөөрөмж, хүнсээр хангах ажилд хяналт тавих.
17.3.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.3.1.хариуцсан нутаг дэвсгэртээ ойн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж, дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, болон төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.3.2.аймаг, нийслэлийн ойн мэдээллийн санг бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.3.өөрийн харьяа ойн ангийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
17.3.4.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаарх саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагад тавих;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.3.5.мэргэжлийн байгууллагаар ой, хээрийн түймрийн гаралт, хөнөөлт шавж, өвчний тархалт болон ойн баялгийн судалгааг хийлгэх захиалга өгөх;
17.3.6.ойн нөөц ашигласны төлбөр, хураамжийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төвлөрүүлэх;
17.3.7.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах;
17.3.8.өөрийн газарт ойн нэгж буюу ойн асуудал эрхэлсэн албан тушаалтан ажиллуулах тухай саналаа тухайн шатны Засаг даргад мэдүүлэх; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.9.ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
17.3.10.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зориулалтаар төсвөөс хуваарилсан хөрөнгийг гэрээ байгуулан гүйцэтгэгчид олгож, түүний зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийг тайлагнах;
17.3.11.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар сум, орон нутгийн түвшинд зохиож байгаа ажилд хяналт тавих.