18 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх
18.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээнд шаардагдах төсвийг батлах, биелэлтэд хяналт тавих;
18.1.2.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн жилд ашиглах ойн нөөцийн хэмжээг тогтоох;
18.1.3.ойг хамгаалах талаар Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын тайлан хэлэлцэх, шийдвэр гаргах;
18.1.4.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих;
18.1.5.ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлсэн гэрээний биелэлтийг жил бүр хэлэлцэн дүгнэж байх;
18.1.6.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх бодлого, чиглэлийг батлах, хяналт тавих;
18.1.7.шаардлагатай тохиолдолд ойн анги болон ойн асуудал эрхэлсэн албан тушаалтан ажиллуулах, шаардагдах төсвийг батлах;
18.1.8.нутаг дэвсгэртээ ой, хээрийн түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх төлөвлөгөө, төсөв баталж, хэрэгжилтэд хяналт тавих.
18.2.Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.2.1.ойн тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
18.2.2.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
18.2.3.энэ хуулийн 34.1, 38.1-д заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгоход хяналт тавих, уг эрхийн бичиг, гэрчилгээг үндэслэлгүй олгосон нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;
18.2.4.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах талаарх ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, тэдний тарьж ургуулсан таримал ойг хүлээн авах;
18.2.5.ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчин, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, учирсан хор хөнөөлийг арилгах;
18.2.6.энэ хуулийн 18.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;
18.2.7.ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
18.2.8.ойн нөөцийн бүртгэл, ой зохион байгуулалтын ажлыг өөрийн хариуцсан нутаг дэвсгэртээ ойн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, сумын ойн менежментийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх;
18.2.9.ойн ангийн дарга болон ойн асуудал эрхэлсэн албан тушаалтныг томилох, чөлөөлөх;
18.2.10.ой, хээрийн түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах арга хэмжээний орон нутгийн төлөвлөгөөг жил тутамд батлан хэрэгжилтийг зохион байгуулах;
18.2.11.төмөр зам, хот хоорондын зам, иргэдийн өвөлжөө, хаваржаа, үтрэм, тариалангийн талбай, ой дахь барилга, байгууламжид ой, хээрийн түймрийн хамгаалалтын зурвас хийлгэж, хүлээн авах;
18.2.12.нутаг дэвсгэртээ ой, хээрийн түймрийн аюултай үед эргүүл, харуул ажиллуулах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг энэ ажилд татан оролцуулах;
18.2.13.ой, хээрийн түймэр унтраах ажлыг удирдан зохион байгуулж, дайчилгааны дэс дараалал, хуваарийг түймрийн аюултай үе эхлэхээс өмнө жил бүр гаргаж мөрдүүлэх;
18.2.14.ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрт аялал, зугаалгаар явах, ан агнах, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах болон бусад төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгож, шаардлагатай тохиолдолд дээрх үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох талаар дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
18.2.15.ой, хээрийн түймрээс учирсан хохирол, түймрийг унтраахад гарсан зардлын хэмжээг тогтоох ажлын хэсгийг томилж ажиллуулах;
18.2.16.ой, хээрийн түймэр хоёр ба түүнээс дээш сумын нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түймрийг унтраахад гарсан зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
18.2.17.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа явуулах болон нутгийн өрх, мод бэлтгэх үйл ажиллагаа эрхэлдэг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сан бүхий газрыг хариуцуулж, хяналт тавих;
18.2.18.ой, хээрийн түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулж хүн хүч, техник хэрэгслийг дайчлах, ой, хээрийн түймэр гарсан тухай болон түймрийг унтраах ажлын явцын талаарх мэдээллийг дээд шатны Засаг дарга, холбогдох бусад байгууллагад цаг хугацаанд нь шуурхай мэдээлэх;
18.2.19.ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, түймэр тавьсан гэм буруутай этгээдийг тогтооход цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах.
18.3.Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй:
18.3.1.ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах;
18.3.2.бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох;
18.3.3.сум, дүүргийнхээ мод бэлтгэсэн болон хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн газрын ойжуулалтын ажил, ойн хөнөөлт шавж, өвчний тоймчилсон судалгаа гүйцэтгэх;
18.3.4. ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх ажил эрхлэн модны үр, тарьц, суулгац худалдаалах, ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох;
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.3.5.ойн арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах огтлолтыг гүйцэтгэх болон сум, дүүргийн ойн хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж хангуулах;
18.3.6.ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
18.3.7.ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;
18.3.8.аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;
18.3.9.мэдээллийн санг эрхлэх;
18.3.10.иргэдэд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;
18.3.11.ойг аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.3.12.ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулж, зөрчлийг арилгах;
18.3.13.ойн анги нь төсөв, түүнчлэн сургалт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлсний болон өөрийн ажил, үйлчилгээний орлого зэрэг эх үүсвэрээс санхүүжих;
18.3.14.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
18.3.15.ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах.