19 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
19.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих;
19.1.2.ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;
19.1.3.ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, гэрээг цуцлах санал, дүгнэлтийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжлах.
19.2.Баг, хорооны Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.2.1.ойн тухай хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
19.2.2.нутаг, дэвсгэртээ мод, сөөг тарих ажлыг зохион байгуулж, иргэдийг өргөнөөр оролцуулах;
19.2.3.ой, хээрийн түймрээс хамгаалах сурталчилгааг хүн бүрт хүргэж түймэртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах;
19.2.4.ой, хээрийн түймэртэй тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулах, хүн хүч, техник хэрэгслийг дайчлах, ой, хээрийн түймэр гарсан тухай болон түймрийг унтраах ажлын явцыг дээд шатны Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад шуурхай мэдээлэх;
19.2.5.нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газруудыг тодорхой хугацаагаар иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжид хариуцуулж хяналт тавих;
19.2.6.ой, хээрийн түймрийн шалтгаан, гаргасан этгээд, хохирлыг тогтооход эрх бүхий байгууллагад дэмжлэг үзүүлэх.
ИРГЭН, ОЙН НӨХӨРЛӨЛ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ