20 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг

20.1.Иргэн ойг хамгаалах талаар дараах эрх эдэлнэ:

20.1.1.ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас ойн санд, эсхүл тухайн иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх болон учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах;

20.1.2.ойн нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газрынхаа ойн санг эзэмших, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;

20.1.3.холбогдох байгууллагаас ойн нөөц, түүний хамгаалалт, ашиглалтын талаар үнэн, зөв мэдээлэл авах;

20.1.4.түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх.

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.Иргэн ойг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

20.2.1.ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

20.2.2.ойн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, устгаж сүйтгэсэн зөрчлийн талаар тухайн шатны Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх;

20.2.3.ойг хамгаалах үндэсний уламжлал, ёс заншлыг сахиж, хүүхэддээ экологийн хүмүүжил олгох;

20.2.4.гал түймрийн улсын хяналтын дүрмийг чанд биелүүлж, түймрийн аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж аюулгүй болгох;

20.2.5.гэр, байшин, хураасан өвс, хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас татах болон түймэр унтраах байнгын багаж хэрэгсэлтэй байх;

20.2.6.өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах;

20.2.7.ой, хээрийн түймрээс амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, түймэр унтраах анхан шатны арга ажиллагааг эзэмшсэн байх, хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах;

20.2.8.тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, галын аюултай бодис, шатах, тослох материалыг хадгалах горимыг чанд мөрдөх;

20.2.9.хуурай өвс, ургамлын хучаас, тариалангийн талбайн сүрэл, хог ургамал, өтөг бууцыг шатаахгүй байх;

20.2.10.ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ ашиглуулах болон ой, хээрийн түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээг шуурхай авч, холбогдох шатны Засаг дарга, бусад шаардлагатай байгууллагад яаралтай мэдээлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.