21 дугаар зүйл. Ойн нөхөрлөл, түүний эрх, үүрэг

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Ойн нөхөрлөл, түүний эрх, үүрэг

21.1.Ойн нөхөрлөл нь энэ хуулийн 4.9, 9.3-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ойн менежментийн төлөвлөгөөтэй байна.

21.2.Ойн нөхөрлөл нь хууль тогтоомжид нийцсэн дүрэмтэй байна.

21.3.Ойн нөхөрлөл нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааныхаа хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил бүр тавина.

21.4.Ойн нөхөрлөл нь гэрээний дагуу эзэмшиж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

21.5.Ойн нөхөрлөл нь гэрээгээр эзэмшсэн газартаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулж болно.

21.6.Ойн нөхөрлөлийн гишүүдийн 80-аас доошгүй хувь нь гэрээгээр эзэмшиж байгаа ойн сангаа байнга харж хамгаалах, хяналт тавих боломжтой тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байнгын оршин суугч иргэн байна.

21.7.Ойн нөхөрлөлийн гишүүн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

21.8.Ойн нөхөрлөл нь ойн сангийн тодорхой хэсгийг эзэмших давуу эрхтэй бөгөөд ойн нөхөрлөл байгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

21.8.1.ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хүссэн өргөдөл;

21.8.2.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшихийг зөвшөөрсөн тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал;

21.8.3.ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаарх ойн менежментийн төлөвлөгөө, гэрээний төсөл, гэрээгээр эзэмших ойн талбайн хилийн цэс, байршил, тархалтын зураг;

21.8.4.ойн нөхөрлөл байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээний хуулбар;

21.8.5.ойн нөхөрлөлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар.

21.9.Энэ хуулийн 21.8-д заасны дагуу бүрдүүлсэн баримт бичиг нь энэ хуулийн 21.7-д заасан шаардлага, 21.8-д заасан бүрдлийг хангасан бол сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.

21.10.Гэрээний дагуу ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөлд эзэмшүүлэхдээ гишүүдийн тоо, чадамж, хариуцах талбай, нөөц, экологийн онцлог зэргийг харгалзана.

21.11.Дараах тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах чиглэлээр явуулах ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, гэрээг цуцална:

21.11.1.ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан;

21.11.2.ойн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар ойн сангийн тодорхой хэсгийг эзэмших үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан;

21.11.3.энэ хуулийн 21.6, 21.7-д заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 21.9-д заасны дагуу байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл гэрээ байгуулснаас хойш зургаан сарын хугацаанд ойг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулаагүй.

21.12.Энэ хуулийн 21.9-д заасны дагуу гэрээ байгуулсан ойн нөхөрлөл дараах эрхийг эдэлнэ:

21.12.1.эзэмшлийн газартаа ойн менежментийн төлөвлөгөөний дагуу хийгдэх үйл ажиллагааг тасралтгүй явуулах;

21.12.2.эзэмшлийн газраасаа ойн менежментийн төлөвлөгөө, эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн мод, ойн дагалт баялгийг ашиглах, хэрэгцээнээс илүү гарсан мод, ойн дагалт баялгийг худалдан борлуулах;

21.12.3.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ойн аж ахуйн арга хэмжээний төсөл, хөтөлбөр боловсруулах, санал өгөх, уралдаант шалгаруулалтад оролцох;

21.12.4.ойн менежментийн талаар явуулах сургалт, семинар, мэргэжил олгох, давтан сургах үйл ажиллагаанд хамрагдах.

21.13.Ойн нөхөрлөл энэ хуульд заасан үүргийг биелүүлэхийн зэрэгцээ тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагааг явуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.