22 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

22.1.Аж ахуйн нэгж, байгууллага дараах эрх, үүрэгтэй:

22.1.1.байгаль орчныг хамгаалах болон ойн тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын шийдвэр, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх;

22.1.2.ойг ашиглах чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах болон ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх;

22.1.3.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 4.9, 9.3-т заасны дагуу ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр явуулах үйл ажиллагааны ойн менежментийн төлөвлөгөөг батлуулж мөрдөх;

22.1.4.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ ойгоос ойн менежментийн төлөвлөгөө, гэрээ, эрхийн бичигт заасан нөхцөл, болзлын дагуу мод, ойн дагалт баялгийг ашиглах;

22.1.5.энэ хуулийн 34.4-т заасан тохиолдолд гарал үүслийн гэрчилгээг ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас авсан байх;

22.1.6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нөхцөлөөр ойн сангийн эзэмшил бүхий газарт идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулах;

22.1.7.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшихийг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 21.8.1-21.8.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэх;

22.1.8.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага тухайн сум, дүүргийн төсөвт зохих татвар төлөх;

22.1.9.ойн тухай хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэх;

22.1.10.тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах;

22.1.11.жил бүр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийн талаар тайлан тавьж, ажлаа дүгнүүлэх;

22.1.12.ой, хээрийн түймэр унтраахад хүн хүч, тээврийн болон бусад хэрэгслийг гаргаж өгөх;

22.1.13.ой, хээрт мод бэлтгэх, эрэл, хайгуул, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, хээрийн шинжилгээний анги зохион байгуулахдаа хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл авч байгаль хамгаалагчид мэдэгдэн ой, хээрийн түймэр гаргахгүй байх баталгаа гарган, түймрийн аюултай үед ой, хээрт аялал, зугаалга хийх, зорчих бусад үйл ажиллагаа явуулахгүй байх;

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

22.1.14.галын аюултай бодис, шатах, тослох материалыг хэрэглэх, тээвэрлэх, хадгалах журам, горимыг чанд мөрдөж ажиллах;

22.1.15.бүх төрлийн тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, ажилд гаргахдаа шалгаж байх;

22.1.16.ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллага ой, хээрийн түймрээс хамгаалах болон унтраах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх.

22.2.Тухайн сум, дүүргийн Засаг дарга нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дараах үндэслэлээр зогсоож, гэрээг цуцална:

22.2.1.энэ хуулийн 21.11.1-д заасан шийдвэр гарсан;

22.2.2.энэ хуулийн 22.1.11-д заасны дагуу тайлан тавьж, ажлаа дүгнүүлээгүй;

22.2.3.энэ хуулийн 22.1.7, 22.1.8-д заасныг зөрчсөн;

22.2.4.гэрээ байгуулснаас хойш зургаан сарын хугацаанд ойг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулаагүй.

22.3.Энэ хуулийн 22.1.9-д заасан гэрээ болон гэрчилгээний загварыг төрийн захиргааны төв байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.