3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2."ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.3."ойн нөөц" гэж ойг талбай, ургаа модны эзлэхүүнээр нь илэрхийлснийг;
3.1.4."ашиглах нөөц" гэж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгөөр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг;
3.1.5."эзэмшлийн ой" гэж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд хариуцан хамгаалж, эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг;
3.1.6."ойн менежментийн төлөвлөгөө" гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх, эсхүл эзэмшлийн ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг цогц байдлаар, тодорхой үе шаттайгаар тусгаж, төлөвлөсөн баримт бичгийг;
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.7."ойн экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
3.1.8."ойн нөхөрлөл" гэж Иргэний хуулийн 481.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.8-д заасны дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллагыг;
3.1.9."ойг хамгаалах" гэж ой, хээрийн түймэр болон хөнөөлт шавж, өвчин зэрэг ойн төлөв байдлыг доройтуулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацад тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавьж гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг;
3.1.10."ойг ашиглах" гэж ойн сангаас зохих журам, заавар, стандартын дагуу ойн баялгийн даацад тохируулан мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг;
3.1.11."ойн баялаг" гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12."ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг;
3.1.13."ойн тооллого, ой зохион байгуулалт" гэж ойн сангийн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг тогтоох, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох, биомассын судалгаа хийх, ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлсон үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.14."ой үржүүлэг" гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт таримал ой ургуулахыг;
3.1.15."ойн цэвэрлэгээ" гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.16."ойн санд үзүүлэх хортой нөлөөлөл" гэж аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан бүхий л сөрөг үйлдлийг;
3.1.17."түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг;
3.1.18."ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх" гэж төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ой, хээрийн түймэр үүсэж тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа мэдээлэл, сургалт, сурталчилгааны болон ойн аж ахуйн арга хэмжээг;
3.1.19."ой, хээрийн түймрийг илрүүлэх" гэж түймэр гарсан тухайн газрын байр зүй, тархалтын хэмжээг тодорхойлох болон түймрийн голомтыг олж тогтоохыг;
3.1.20."хил дамнасан ой, хээрийн түймэр" гэж тухайн улсын хил болон хилийн дагуух бүс нутагт гарсан ой, хээрийн түймэр өргөжин дэлгэрч хоёр улсын хилийн зааг, хил дамнаж гарсныг;
3.1.21."ой, хээрийн түймрээс учирсан хохирол" гэж түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль-экологи, эд материалд учирсан хохирол, ой, хээрийн түймэр унтраахад гарсан зардлыг;
3.1.22."ой, хээрийн түймрээс учирсан экологийн хохирол" гэж түймрийн нөлөөгөөр байгаль-экологийн тогтолцооны хэвийн байдал, ой, түүний хөрс, ус хамгаалах экологийн үүрэг ач холбогдол алдагдах, амьтан, ургамал устах болон тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчин доройтох, байгалийн нөөц, баялаг хомсдохыг;
3.1.23."ой, хээрийн түймрээс учирсан эд материалын хохирол" гэж түймрийн нөлөөгөөр барилга байгууламж, мал, амьтан, ургамал, өвс тэжээл, малын хашаа саравч, машин тоног төхөөрөмж, гэр, орон сууц, эд материал зэрэг үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэмтэх, устах зэргээр улс орон, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан шууд хохирлыг;
3.1.24."ой, хээрийн түймрийн хор уршиг" гэж Гамшгаас хамгаалах тухай хууль-ийн 4.1.10-т заасныг.
3.1.25.“ойн үр” гэж мод, бут, сөөг үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээхэд ашиглаж байгаа үржлийн зориулалттай үр хөврөл бүхий эрхтнийг; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.26.“үржлийн материал” гэж мод, бут, сөөг үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх зориулалт бүхий үр, ургал эрхтэн, үндэс, мөчрийн тайрдас, тарьц, суулгацыг; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.27.“ойн үрийн мужлал” гэж экологийн болон өндөршлийн хувьд төстэй бүс нутагт орших удамшил, гадаад илрэлийн хувьд адил шинж тэмдэг бүхий байгалийн ойн газар нутгийг; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.28.“ойн аж ахуйн арга хэмжээ” гэж ойг үржүүлэх, нөхөн сэргээх, хамгаалах, зохистой ашиглах, ойн тооллого, зохион байгуулалт, арчилгаа, цэвэрлэгээ хийхэд чиглэсэн цогц арга хэмжээг; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.29.“агро-ойн аж ахуй” гэж тухайн нутаг дэвсгэрийн хөрс, уур амьсгал, ус зүйн нөхцөлийг сайжруулах, таримал болон байгалийн ургамлын ургах орчныг дэмжсэн аж ахуйн арга хэмжээг. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./