4 дугаар зүйл. Таримал ойг өмчлөх, ойн санг эзэмшүүлэх
4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна.
4.2.Хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно.
4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг орон нутгийн ойн ангийн тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.4.Ойн нөөц болон ойн санг дор дурдсанаар эзэмшүүлнэ:
4.4.1.төрийн захиргааны төв байгууллага ойн нөөцийг аймаг, сум, нийслэл, дүүргийн эзэмшилд; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.4.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад.
4.5.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжид нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.
4.6.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээний дагуу эзэмшүүлж байгаа ойн сангийн тодорхой хэсэг нь эзэмшлийн ойд хамаарна.
4.7.Энэ хуулийн 4.4.2-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ойн менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ ойг хамгаалах, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу мод, дагалт баялгийг ашиглах, ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах, нөхөн сэргээх арга хэмжээг авна.
4.8.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эзэмшлийн ой нь хамгаалалт, ашиглалтын аль ч бүсэд хамаарч болно.
4.9.Засгийн газар хамгаалалтын бүсэд хамаарах эзэмшлийн ойн сангийн нэршлийн жагсаалтыг зориулалт, экологи, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг харгалзан тогтооно.
4.10.Ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална.
4.11.Энэ хуулийн 4.4.2-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн ойд хохирол учруулахгүйгээр иргэн аялал зугаалгаар явах, мал туувар дайран өнгөрөх, зөгий үржүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр ойн дагалт баялгийг ашиглах, ан хийж болно.
4.12.Энэ хуулийн 4.6-д заасан эзэмшлийн ойд эзэмшигчээс бусад этгээд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах тохиолдолд тухайн ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, арчлахад гарсан зардлын тодорхой хувийг ойн санг гэрээгээр эзэмшигчид төлнө.
4.13.Энэ хуулийн 4.12-т заасан зардлыг төлөх журам, аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.