102 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авсан саналын хуудас, бусад бичиг баримтыг хүргүүлэх
102.1.Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал авах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт санал хураалт дууссанаас хойш Төв комиссоор дамжуулан сонгуулийн төв байгууллагад нэн даруй хүргүүлнэ:
102.1.1.санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог гаргах;
102.1.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон өөр, буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган битүүмжлэх.
102.2.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэлийг хөтөлж бүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж тэмдэг дарах бөгөөд тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:
102.2.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тоо;
102.2.2.саналын хуудас авсан сонгогчдын тоо;
102.2.3.саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо;
102.2.4.ажиглагчийн нэрс;
102.2.5.санал авах өдрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
102.2.6.санал авсан газар, тухайн орон нутгийн он, сар, өдөр, цаг, минут.
102.3.Салбар комисс саналын хуудас болон тэмдэглэлийг Комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Төв комисст хүргүүлнэ.
102.4.Энэ хуулийн 102.1-102.3-т заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
АРВАН ГУРАВДУГААР БYЛЭГ
САНАЛ ХУРААЛТ ДАХИН ЯВАГДАХ