103 дугаар зүйл. Хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох
103.1.Доор дурдсан зөрчил сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөхөөр бол зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцно:
103.1.1.гамшиг болон аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
103.1.2.хуульд зааснаас өөр өдөр санал авсан;
103.1.3.санал авсан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн;
103.1.4.сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн;
103.1.5.сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн.
103.2.Санал хураалтыг дараах хэмжээгээр хүчингүйд тооцно:
103.2.1.хэсгийн хэмжээнд бүхэлд;
103.2.2.санал авах байранд авсан саналын хэмжээгээр;
103.2.3.зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан саналын хэмжээгээр.
103.3.Сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөх гэдгийг санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно.
103.4.Дараах байгууллага хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцно:
103.4.1.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд сонгуулийн төв байгууллага;
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
103.4.2.аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./
103.4.3.сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./
103.5.Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.
103.6.Сонгууль хамт явагдсан тохиолдолд санал хураалтыг хүчингүй болгох эрх бүхий этгээд нь тухайн шийдвэр алинд нь хамааралтайг энэ хуульд нийцүүлэн тогтоон шийдвэрлэнэ.