107 дугаар зүйл. Сонгуулийг ажиглах

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

107 дугаар зүйл. Сонгуулийг ажиглах

107.1.Нам, эвслийн сонгуулийн штабаас нэг хэсэгт дөрөв хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид "ажиглагч" гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй.

107.2.Бие даан нэр дэвшигч болон төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага нь нэг хэсэгт нэг ажиглагч томилон ажиллуулах эрхтэй.

107.3.Ажиглагч нь арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.

107.4.Нэр дэвшигч, төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.

107.5.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн байгууллагын ажиллах болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

107.6.Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглахад гадаад улсын иргэн ажиглагч байж болох ба үүнтэй холбогдсон журмыг сонгуулийн төв байгууллага баталж мөрдүүлнэ.

107.7.Ажиглагчийн үнэмлэхийн загварыг сонгуулийн төв байгууллага батална.

107.8.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, доор дурдсан баримт бичгийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ:

107.8.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;

107.8.2.сонгуулийн төв байгууллагаас баталсан загварын дагуу бөглөсөн ажиглагчийн анкет;

107.8.3.ажиглагчаар томилогдсон этгээдийн нэг хувь цээж зураг.

107.9.Ажиглагчийг бүртгэх хугацаа өнгөрсөн бол санал авах байр ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй буцаана.

107.10.Санал авах байр ажиглагчаар томилогдсон этгээд шаардлага хангасан эсэхийг шалгаж, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно.

107.11.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж санал авах байрын ажилд хөндлөнгөөс оролцвол санал авах байрын ахлах зохион байгуулагч ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгон, үнэмлэхийг нь хураан авч, санал авах байраас гаргана.

107.12.Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол түүнийг томилсон этгээд нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал санал авах байр хүлээн авахаас татгалзана.

107.13.Санал авах байрын багтаамжаас хамаарч ажиглагч томилох эрх бүхий этгээдийн томилсон бүх ажиглагч санал авах өдөр санал авах байранд ажиглалт хийх боломжгүй бол санал авах байр хоёроос доошгүй ажиглагчийг санал авах байранд ээлжлэн ажиглалт хийх боломжоор хангах үүрэгтэй.

107.14.Ажиглагч бүртгүүлэх, ажиглагчийн үнэмлэх авахад болон эрхээ эдлэхэд нь холбогдох этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

107.15.Энэ хуулийн 107 дугаар зүйлд заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтан болон аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.