108 дугаар зүйл. Ажиглагчийн эрх
108.1.Ажиглагч сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглана.
108.2.Ажиглагч дараах эрх эдэлнэ:
108.2.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
108.2.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
108.2.3.санал авах, тоолох ажлыг ажиглах;
108.2.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарь, явцтай танилцах;
108.2.5.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
108.2.6.санал авах байранд санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;
108.2.7.санал авах үйл явцад зөрчил гарвал санал авах байрын ахлах зохион байгуулагчид мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, баримтжуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;
108.2.8.дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;
108.2.9.санал авах байрын ахлах зохион байгуулагчаас холбогдох мэдээлэл авах, сонгуулийн байгууллагын үйл ажиллагааг ажиглах;
108.2.10.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх;
108.2.11.саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авах;
108.2.12.хууль тогтоомжид заасан бусад.
108.3.Ажиглагчийн эрх нь ажиглагчийн үнэмлэх авснаар эхэлж, сонгуулийн албан ёсны дүн гарснаар дуусгавар болно.
108.4.Энэ хуулийн 108 дугаар зүйлд заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтан болон аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.