27 дугаар зүйл. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны дотоод журам

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны дотоод журам

27.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд энэ зүйлд заасныг баримтална.

27.2.Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

27.3.Сонгуулийн хорооны ажилтан, албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.

27.4.Сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

27.5.Энэ хуулийн 27.2-д заасан хуралдаанаас гарсан шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

27.6.Сонгуулийн хорооны дарга дотоод зохион байгуулалтын асуудлаар захирамж гаргана.

27.7.Сонгуулийн хороо санал авах өдрөөс бусад ажлын өдөр тухайн орон нутаг дахь төрийн байгууллагын ажлын цагийн хуваариар ажиллах бөгөөд шаардлагатай бол ажлын бус өдөр, түүнчлэн илүү цагаар ажиллаж болно.

27.8.Сонгуулийн хорооны хуралдааны дэгийг сонгуулийн төв байгууллага тогтоох бөгөөд дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг тухайн сонгуулийн хорооны дарга тогтоож мөрдүүлнэ.

27.9.Сонгуулийн хорооны хуралдаан нээлттэй, ил тод байна.

27.10.Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлийг сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу хөтөлнө.

27.11.Энэ хуулийн 27.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулна.

27.12.Энэ хуулийн 27.5-д заасныг зөрчсөн нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.