29 дугаар зүйл. Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтны эдийн засаг, хууль зүйн баталгаа
29.1.Сонгуулийн төв байгууллагын ажилтан, албан тушаалтны эдийн засаг, хууль зүйн баталгааг Төрийн албаны тухай хуулиар хангана.
29.2.Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
29.3.Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно.
29.4.Сонгуулийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтнаас сонгуулийн хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, биелэлтийг хянан шалгахад нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, тэдгээрийн сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч, төрийн албан хаагч болон аливаа бусад этгээд хөндлөнгөөс хууль бусаар оролцох, саад учруулахыг хориглоно.
29.5.Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
29.5.1.сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах;
29.5.2.сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах;
29.5.3.сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдох;
29.5.4.санал хураах, тоолох ажилд саад хийх;
29.5.5.бусдыг төлөөлж санал өгөх;
29.5.6.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх;
29.5.7.гарын үсэг хуурамчаар үйлдэх;
29.5.8.саналын хуудас солих;
29.5.9.хүчингүй саналын хуудсаар санал авах;
29.5.10.хуулиар хориглосон бусад аливаа үйлдэл гаргах, зохион байгуулах, оролцох.
29.6.Энэ хуулийн 29.2-29.4-т заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгууль ногдуулна:
29.6.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
29.6.2.хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
29.6.3.нам, эвсэл, нэр дэвшигчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
29.6.4.нам эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн штабын удирдлагад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.
29.7.Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА