3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."сонгуулийн эрх бүхий иргэн" гэж арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

3.1.2."сонгогч" гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.3."нэр дэвшигч" гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг;

3.1.4."сонгуулийн жил" гэж дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг;

3.1.5."онцгой нөхцөл байдал үүссэн" гэж сонгуулийг зохих ёсоор явуулахад урьдчилан төлөвлөөгүй, төлөвлөх боломжгүй нэмэлт зардал, хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлага бий болсныг;

3.1.6."байгалийн гамшиг" гэж хүний үйл ажиллагаанаас үл хамаарах аюулт үзэгдлийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрах буюу байгалийн хүчний үйлчлэлийн үр дагавар болох онцгой нөхцөл байдлыг;

/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.1.7."сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;

3.1.8."гарын үсэг хуурамчаар үйлдэх" гэж бүх төрлийн арга хэрэглэн /өөрөө, эсхүл өөр этгээдээр үйлдүүлэх, техник хэрэгсэл ашиглах гэх мэт/ бусдын гарын үсгийг дуурайлгаж буюу хуулбарлаж, эсхүл зохиож зурах, сонгуулийн эрхгүй хүмүүсээр гарын үсэг зуруулахыг;

3.1.9."хуурч мэхлэх" гэж үг болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгохыг;

3.1.10."эд мөнгөөр татах" гэж мөнгө, эд хөрөнгө өгөх, аливаа ажил үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэргээр бусдын хүсэл зоригийн илэрхийлэлд нөлөөлөхийг;

3.1.11."сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах" гэж мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах, зуучлах, аливаа ажил, үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэрэг бүх төрлийн арга, хэлбэрээр сонгогчийн санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор явуулж байгаа ажиллагааг;

/Энэ заалтад 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.12."хүмүүнлэгийн байгууллага" гэж ядуу, нийгмийн хамгааллын дэмжлэг, туслалцаа авдаггүй, гамшиг болон аюулд өртсөн хүн амд эмнэлгийн болон нийгэмшихэд нь тусламж үзүүлэх, гамшгийн ба бусад онцгой тохиолдлын хор уршгийг арилгах зорилго бүхий олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын төрийн бус байгууллагыг;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.13."буяны байгууллага" гэж тусламж шаардлагатай хүмүүст туслах ба нийтийн сайн сайхны төлөө ажилладаг олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын төрийн бус байгууллагыг;

3.1.14."шашны байгууллага" гэж Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллагыг;

3.1.15."итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал авах байранд дагуулж ирсэн, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.16."сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн" гэж сонгогч саналаа чөлөөтэй өгөх эрхэд хөндлөнгөөс хууль бус аливаа хэлбэрээр нөлөөлсний үр дүнд түүний саналыг хүсэл зоригийн жинхэнэ илэрхийлэл, түүнчлэн санал хураалтын эцсийн дүнг бодит байдалд нийцсэн дүн гэж тус тус үзэх боломжгүй болохыг;

3.1.17."улсын бүртгэлд бүртгэсэн" гэж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэсэн, иргэний бүртгэлийн дугаар олгосон байхыг;

3.1.18."санал тоолох төхөөрөмж" гэж Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу Улсын Их Хурлаас зөвшөөрсөн санал авах, тоолох, үр дүнг тооцоолон гаргах, дамжуулах зориулалт бүхий техник хэрэгслийг;

3.1.19."цэргийн алба хаасан байх" гэж Монгол Улсын иргэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэж цэргийн жинхэнэ алба хаасан, эсхүл Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.5, 12.8-д заасан үндэслэлээр цэргийн албыг дүйцүүлэн хаасан байхыг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.