31 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх зүйн байдал

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх зүйн байдал

31.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна.

31.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сонгуулийн төв байгууллагын шууд удирдлагын дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.3.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

31.4.Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.

31.5.Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.6.Сум, дүүргийн хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог энэ хуулийн 16.2-т заасан хугацаанаас 80 хоногийн өмнө аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид энэ хуульд нийцүүлэн байгуулна.

31.7.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны үйл ажиллагааны зардал нь сонгууль зохион байгуулах төсвөөс санхүүжнэ.

31.8.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны сонгууль зохион байгуулахтай холбоотой гаргасан шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна.

31.9.Сонгууль зохион байгуулах талаар эрх хэмжээнийхээ дотор гаргасан аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй.

31.10.Сонгуультай холбоотой харилцаанд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга нь, түүний эзгүйд нарийн бичгийн дарга нь төлөөлнө.

31.11.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог ажиллах нөхцөл, боломж, байрыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан гаргана.

31.12.Хоёр ба хэд хэдэн аймаг нь Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрогт багтаж байвал аль олон сонгогчтой аймгийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

31.13.Нэг аймагт Улсын Их Хурлын сонгуулийн хоёр буюу хэд хэдэн тойрог багтсан бол тухайн аймгийн сонгуулийн хороо нь уг тойргууд дахь сонгуулийг зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

31.14.Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулиар нийслэлийн сонгуулийн хороог байгуулахгүйгээр тухайн сонгуулийг зохион байгуулж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

31.15.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

31.16.Энэ хуулийн 31.9-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгууль ногдуулна:

31.16.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийн;

31.16.2.албан тушаалтанд гурван сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийн;

31.16.3.нам, эвслийн удирдлага, сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, нэр дэвшигчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

31.16.4.нам, эвсэл, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

31.17.Энэ хуулийн 31.9-д заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанаас хална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.