32 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх хэмжээ

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх хэмжээ

32.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

32.1.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

32.1.2.сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах;

32.1.3.харьяалах сум, дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

32.1.4.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, албан бичигт эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгөх, шийдвэрлэх;

32.1.5.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар тухайн нутаг дэвсгэрийн зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

32.1.6.улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

32.1.7.санал авах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, бусад зүйлийг харьяалах сонгуулийн хороодод хуваарилах;

32.1.8.аймаг, нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;

32.1.9.холбогдох баримт материалыг хэвлүүлэх, хуваарилах;

32.1.10.аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;

32.1.11.шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан аймаг, нийслэлийн хуралд өргөн мэдүүлэх;

32.1.12.өөрийн нутаг дэвсгэрт явагдсан сонгуулийн дүнг нэгтгэж, сонгуулийн төв байгууллагад хүргэх;

32.1.13.дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

32.1.14.сонгуулийн баримт бичгийг зохих журмын дагуу цэгцэлж, холбогдох этгээдэд хүлээлгэн өгөх;

32.1.15.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;

32.1.16.энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуультай холбогдуулан өөрийн нутаг дэвсгэрт байгуулагдсан хэсгийн дугаарыг тогтоох;

32.1.17.аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуулийн саналын хуудаст бичигдэх нам, нэр дэвшигчийн болон нэр дэвшигчийн эцэг эх-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, үнэн зөвийг хариуцах;

32.1.18.хууль тогтоомжид заасан бусад.

СУМ, ДҮҮРЭГТ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.