33 дугаар зүйл. Сум, дүүргийн сонгуулийн хорооны эрх зүйн байдал
33.1.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум, дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна.
33.2.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт сонгуулийн төв байгууллага, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шууд удирдлагын дагуу зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.3.Сум, дүүргийн сонгуулийн хороо тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
33.4.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.
33.5.Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.6.Сум, дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааны зардал нь сонгууль зохион байгуулах төсвөөс санхүүжнэ.
33.7.Сонгууль зохион байгуулахтай холбогдон гарсан сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна.
33.8.Сонгууль зохион байгуулах талаар эрх хэмжээнийхээ дотор гаргасан сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй.
33.9.Сонгуультай холбоотой харилцаанд сум, дүүргийн сонгуулийн хороог дарга нь, түүний эзгүйд нарийн бичгийн дарга нь төлөөлнө.
33.10.Сум, дүүргийн сонгуулийн хороо ажиллах нөхцөл, боломж, ажлын байрыг тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцна.
33.11.Хоёр ба хэд хэдэн дүүрэг нь Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрогт багтаж байвал аль олон сонгогчтой дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийг зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
33.12.Нэг дүүрэгт Улсын Их Хурлын сонгуулийн хоёр буюу хэд хэдэн тойрог багтсан бол тухайн дүүрэг дэх сонгуулийн байгууллага нь уг тойргууд дахь сонгуулийг зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
33.13.Сум, дүүргийн сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
33.14.Сонгуулийн хэсэг дэх нэгжийн ажил үүргийн хуваарийг сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга тогтоон, мөрдүүлнэ.
33.15.Энэ хуулийн 33.8-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгууль ногдуулна:
33.15.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийн;
33.15.2.албан тушаалтанд гурван сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийн;
33.15.3.нам, эвслийн удирдлага, сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, нэр дэвшигчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
33.15.4.нам, эвсэл, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.
33.16.Энэ хуулийн 33.8-д заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүй зөрчсөн бол төрийн албан хаагчийг төрийн албанаас хална.