47 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс

47.1.Нэр дэвшигч сонгуулийн зардлын данстай байна:

47.1.1.Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

47.1.2.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн;

47.1.3.аймаг, нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

47.1.4.сум, дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

47.2.Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигч өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан сонгуулийн зардлын нэг дансыг нээлгэнэ.

47.3.Банк нэр дэвшигчтэй энэ хууль, банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын данс эзэмшигчийн гэрээ байгуулсны үндсэн дээр зардлын данс нээнэ.

47.4.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор дансны дугаар, банкны нэрийг дараах төрийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.4.1.сонгуулийн төв байгууллага;

47.4.2.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

47.4.3.төрийн аудитын дээд байгууллага.

47.5.Аймаг, нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд дансны дугаар, банкны нэрийг мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

47.6.Сум, дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор сум, дүүргийн сонгуулийн хороонд дансны дугаар, банкны нэрийг мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

47.7.Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, хандивыг хуримтлуулна.

47.8.Нам, эвслээс нэр дэвшсэн нэр дэвшигчийн хувьд өөрийн хөрөнгө, хандиваас гадна нэр дэвшүүлсэн нам, эвслийн сонгуулийн зардлын данснаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хуримтлуулна.

47.9.Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс захиран зарцуулах эрх нь тухайн нэр дэвшигч өөрт нь хадгалагдах бөгөөд түүний эрх олгосноор өөр этгээд захиран зарцуулж болно.

47.10.Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах мөнгөн хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зарцуулалтын хэмжээ энэ хуульд нийцсэн байна.

47.11.Энэ хуулийн 47.4, 47.5, 47.6-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.