57 дугаар зүйл. Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан
57.1.Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан нь орлого ба зарлагын мэдээллээс бүрдэнэ.
57.2.Нам, эвслийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн тайлан байна.
57.3.Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
57.4.Нам, эвсэл нь зардлын тайланд аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.
57.5.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:
57.5.1.сонгуулийн зардлын дансаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр /гүйлгээ тус бүрээр/;
57.5.2.сонгуулийн зардлын дансны зарлагын гүйлгээ нээсэн өдрөөс хойш хаагдах өдөр хүртэлх хугацаанд орсон орлогын хэмжээ;
57.5.3.сонгуулийн зардлын дансны зарлагын гүйлгээ нээсэн өдрөөс хойш хаагдах өдөр хүртэлх хугацаанд орсон орлогын эх үүсвэр /гүйлгээ тус бүрээр/;
57.5.4.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт;
57.5.5.үлдэгдлийн хэмжээ, байршил. /нам, эвсэл хоёр буюу хэд хэдэн зардлын данстай бол данс тус бүрийн/.
57.6.Нам, эвслийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш сонгуулийн төв байгууллагад 45 хоногийн дотор хүргүүлнэ.
57.7.Энэ хуулийн 57.3, 57.4-т заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 57.6-д заасныг зөрчсөн банкны захирлыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.