61 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх
61.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн үйлдэнэ.
61.2.Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй байна.
61.3.Сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн нэр, эцэг /эх/-ийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бүртгэх ба сонгогчийг оршин суугаа газрын хаягийн дагуу бичнэ.
61.4.Цахим хэлбэр бүхий сонгогчдын нэрийн жагсаалт нь иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн мэдээлэлд үндэслэсэн байна.
61.5.Сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.
61.6.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж, сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.
61.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудаст байрласан сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрт нь холбогдох мэдээлэлтэй сонгогчийг танилцах боломжоор хангасан байна.
61.8.Доор дурдсан байгууллага дараах иргэний өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө, ээлжит бус болон нөхөн сонгуулийн үед 40-өөс доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ:
61.8.1.Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;
61.8.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;
61.8.3.улсын хил хамгаалах байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээлэл болон санал авах өдөр өөрийн харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;
/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
61.8.4.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;
61.8.5.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, харьяаллаа сэргээн тогтоосон, харьяатаас гарсан иргэний мэдээллийг.
61.9.Эрх зүйн чадамжгүй, хорих газар ял эдэлж байгаа болон 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон сонгогчийн нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасахгүй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын "Тайлбар" гэсэн хэсэгт "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийнэ.
61.10."Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.
61.11.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цэргийн алба хааж байгаа иргэдийн мэдээллийг үндэслэн тухайн цэргийн анги, нэгтгэл хамаарч байгаа хэсэгт саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгогчийг нэмж бүртгэн, байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасна.
61.12.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:
61.12.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
61.12.2.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
61.12.3.цэргийн алба хааж байгаа сонгогчтой холбогдсон өөрчлөлт;
61.12.4.нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт.
61.13.Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
61.14.Санал авах байр нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд, санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
61.15.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
61.16.Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.
61.17.Санал авах байрын албан ажлын хэрэгцээнээс бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.
61.18.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, хамтарсан намуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг зөвхөн цахим хэлбэрээр нэг удаа олгоно.
61.19.Сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээллийг олгохтой холбогдох зардлын хэмжээг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
61.20.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуульд нийцүүлэн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журмыг батлан мөрдүүлнэ.
61.21.Энэ хуулийн 61 дүгээр зүйл заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.