60 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

60 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал

60.1.Сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авсан сонгуулийн байгууллага дараах төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ:

60.1.1.сонгуулийн төв байгууллагын хувьд төрийн аудитын дээд байгууллагад;

60.1.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн байгууллага аймаг, нийслэлийн төрийн аудитын байгууллагад.

60.2.Сонгуулийн төв байгууллага нь нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг нэг хувь олшруулан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

60.3.Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

60.4.Төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

60.4.1.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт болон зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих;

60.4.2.нам, эвсэл, нэр дэвшигчээс холбоотой мэдээлэл авах;

60.4.3.сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх;

60.4.4.төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах.

60.5.Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.

60.6.Энэ хуулийн 60.2-т заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтан, 60.3-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.