63 дугаар зүйл. Ээлжит бус, дахин, нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх
63.1.Ээлжит бус, дахин, нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан байгууллага энэ шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор аймаг, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагаар дамжуулан улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
63.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит бус, дахин, нөхөн сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тухайн шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн өдрөөс эхлэн иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрийг дуустал хугацаанд тухайн сонгуулийн тойрог, хэсгийн засаг захиргааны нэгжийн хэмжээнд түр зогсооно.
63.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг эрх бүхий байгууллагаас сонгууль явуулах тухай шийдвэрийг ирүүлснээс хойш өөрийн цахим хуудаст байршуулж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.
63.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 61.8.1-61.8.5-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн ээлжит бус, нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад "түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийнэ.
63.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахим хуудаст байршуулсан ээлжит бус, нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 61.12-д заасан өөрчлөлтийг тусган, сонгуулийн хэсэг тус бүрээр үйлдэж, аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбар нэгжид цахим хэлбэрээр хүргүүлнэ.
63.6.Аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбар нэгж ээлжит бус, нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн нэгжид хүргүүлнэ.
63.7.Энэ хуулийн 8.6-д заасны дагуу дахин сонгууль явуулахад аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар нэгжээс ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулиар гаргаж хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг ашиглана.