68 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа
68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
68.2.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс хорь хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
68.3.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:
68.3.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
68.3.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
68.3.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах;
68.3.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
68.3.5.ухуулах байр ажиллуулах;
68.3.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
68.3.7.цахим хуудас ашиглах.
68.4.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь нэр дэвшүүлсэн намын далбааг өөрийн сурталчилгаанд ашиглаж болно.
68.5.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчид зар, урилга явуулсныг сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь бичгийн А5 цаасны хэмжээнээс илүүгүй байвал зохино.
68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
68.7.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана.
68.8.Энэ хуулийн 77.2.3 дахь заалт, 78, 79 дүгээр зүйлд заасан сурталчилгаанд энэ хуулийн 68.6 дахь хэсэг хамаарахгүй.
68.9.Энэ хуулийн 68 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэлд доор дурдсан хэмжээний торгууль ногдуулна:
68.9.1.нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
68.9.2.сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.
68.10.Энэ хуулийн 68.6, 68.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
68.11.Энэ хуулийн 68.6, 68.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.