67 дугаар зүйл. Сонгуулийн мөрийн хөтөлбөр

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Сонгуулийн мөрийн хөтөлбөр

67.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

67.2.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

67.3.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

67.4.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

67.4.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

67.4.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

67.4.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

67.4.4.үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх;

67.4.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

67.4.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал;

67.4.7.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудал.

67.5.Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна:

67.5.1.нам, эвсэл;

67.5.2.бие даан нэр дэвшигч;

67.5.3.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.