8 дугаар зүйл. Сонгуулийн төрөл
8.1.Сонгууль нь дараах төрөлтэй байна:
8.1.1.ээлжит;
8.1.2.ээлжит бус;
8.1.3.нөхөн;
8.1.4.дахин.
8.2.Ээлжит сонгууль гэж Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.3.Ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд тухайн сонгуулийн жил заавал явагдана.
8.4.Ээлжит бус сонгууль гэж ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө явагдах сонгуулийг хэлнэ.
8.5.Ээлжит бус сонгууль дараах тохиолдолд явагдана:
8.5.1.Улсын Их Хурлын бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.5.2.Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн;
8.5.3.орон нутгийн хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.6.Дахин сонгууль гэж дараах тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ:
8.6.1.Улсын Их Хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.6.2.Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус сонгуулийг хүчингүйд тооцсоны дараа шинээр явагдах, эсхүл хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүйн улмаас явагдах сонгуулийг;
8.6.3.орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.6.4.энэ хуульд заасан бусад үндэслэлээр.
8.7.Нөхөн сонгууль гэж орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./