87 дугаар зүйл. Санал авах газар, хугацаа
87.1.Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
87.2.Санал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
87.3.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай дараах зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ:
87.3.1.санал авах байр;
87.3.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг /300 сонгогч тутамд нэг байхаар тооцож/;
87.3.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;
87.3.4.суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;
87.3.5.сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагчид үзүүлэх дэлгэц;
87.3.6.хууль тогтоомжид заасан бусад зүйл.
87.4.Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байна.
87.5.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.
87.6.Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.
87.7.Нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байрлаж болно.
87.8.Санал авах байр санал авах өдрөөс арав хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.
87.9.Санал авах байрын байршлыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчилж болох бөгөөд энэ тухай нэн даруй сонгогчид мэдээлнэ.
87.10.Санал авах байрыг бэлтгэх заавар, түүнчлэн саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг сонгуулийн төв байгууллага батална.
87.11.Санал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.
87.12.Энэ хуулийн 87.8, 87.9-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 87.3-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.