88 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа
88.1.Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
88.2.Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.
88.3.Тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах тооны бүхээг бүхий байр, суурин болон битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хариуцаж бэлтгэнэ.
88.4.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.
88.5.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг сонгуулийн төв байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн саналын хуудсаар авна.
88.6.Сонгуулийн төв байгууллага нь саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан салбар комисст гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
88.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна.
88.8.Салбар комисс нь саналын хуудсыг гал ус, гэнэтийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд лацдаж битүүмжлэн хадгална.
88.9.Энэ хуулийн 88.2, 88.7-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА